БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв монгол нутагт оршин буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг анхан шатны байдлаар бүртгэн баримтжуулах, тоолох, хадгалалт хамгаалалт, ашиглалтын байдалд судалгаа хийх ажлыг 2008-2015 онд гүйцэтгэхээр төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.
Энэхүү ажлын хүрээнд 2010 онд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Өвөрхангай аймгийн нийт 58 сумын нутагт ажиллаж 720 орчим дурсгалт газрын 6000 гаруй ширхэг дурсгалыг бүртгэн баримтжуулж, холбогдох мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн сан болон нэр дурдсан аймгуудын бүртгэл мэдээллийн санд хадгалаад байгаа ажээ.
Соёлын өвийн төв олон нийтэд монгол нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сурталчилах зорилгоор Улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээллийг дээрх ажлын үеэр цугларсан мэдээллээр баяжуулан гэрэл зургийн цуврал цомог хэвлүүлж эхэлжээ.
энэ удаа Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр дээрх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг багтаасан тав дахь цомгыг хэвлүүлэн та бүхний гар дээр өргөн барьж байна.
Цомогт тус аймгийн нутагт орших түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой 212 дурсгалт газрыг сонгон авч, байршлыг нь газрын зурагт байрлуулан товч тайлбарын хамт оруулж, сум тус бүрийн нутагт орших дурсгалын жагсаалтыг ард нь хавсгарсан байна.
Цомог нь эрдэм шинжилгээ, судалгааны зориулалттай бус зөвхөн түүх, соёлынхоо дурсгалыг ард иргэдэд сурталчилан таниулах зорилготой гаргаж байгаа учир мэдээллийг товчлон оруулсан байна.
БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төв
Commentaires
Enregistrer un commentaire