Монголын говиос Буддын шашны ховор олдвор олджээ

70 гаруй жилийн турш элсэнд дарагдсан буддын шашинтай холбогдох ховор эд зүйлсийг Монголын өргөн уудам говиос олжээ.

1930-аад онд сүм хийдийг сүйтгэн, устгасан Монголын коммунист дэглэмийн дарангуйллын үед түүхийн энэ үнэт олдворуудыг газар булсан байна. Элсэн доороос олсон үнэт зүйлсийн дунд бурхан, шашны урлагийн бүтээл, судар ном, XIX зууны буддын шашны нэртэй лам хуваргуудад хамаарах эд зүйлс байжээ. “Энэ бол амьдралын адал явдал” гэж судалгааны багийн ахлагч Майкл Эйсенриежлер үнэт олдвороо тайлбарлажээ. 1930 оны хэлмэгдүүлэлтийн үед Түдэв гэдэг лам буддын шашинтай холбоотой дурсгалт эд зүйлээ Монгол-Зөвлөлтийн цэргүүдэд хураалган сүйтгүүлэхээс хамгаалан нийт 64 хайрцаг эд зүйлээ газар булсан аж.Говийн хутагт Данзан Равжаагийн эдэлж хэрэглэж байсан үнэт зүйлсийг нуусан газрыг зөвхөн Түдэв лам л мэдэж байжээ. Тэрбээр энэ нууцаа ач хүүдээ хэлсэн байна. Түүний ач хүү өвөөгийнхөө захиас бүхий газар 1990 онд малталт хийж зарим нэг хайрцгийг олж, үнэт зүйлсээр нь Дорноговь аймгийн Сайншанд хотод музей нээжээ. Австри-Монголын хамтарсан судалгааны баг Түдэв ламын нуусан эд зүйлсээс хоёр хайрцгийг нь одоогоор олжээ.

“Энэ олдвор Монголын соёлын үнэт зүйлсийн нэг, буддын шашин Коммунист дэглэмийн үед бараг устаж алга болсон. Ялангуяа 1930 онд буддын шашны эсрэг хувьсгалт аян ихээр өрнөсөн” гэж Эйсенриежлер Би-Би-Си агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мэргэжилтнүүдийн олсон сүүлчийн олдворыг Сайншанд дахь Данзан Равжаагийн музейн үзмэрт тавих аж. Одоо Монголын говьд буддын шашинтай холбоотой 20 гаруй хайрцаг үнэт олдвор нуугдсан хэвээр байгаа юм. http://www.buddhapages.com/mn/news/?p=276#comment-182

Commentaires