“Хүннүгийн өв соёл” үзэсгэлэн олны хүртээлд

Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэх тухай зарлиг гаргасны дагуу энэ онд Хүннүгийн өв соёлыг олон нийтэд сурталчилан таниулсан судалгаа эрдэм шинжилгээ, соёл урлагийг хамарсан олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Ой тэмдэглэх Үндэсний хороо, Монголын Үндэсний Музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран “Хүннүгийн өв соёл” үзэсгэлэнг зохион байгуулж 2011 оны 8 дугаар сарын 26-аас 12 дугаар сарын 31-ний хооронд үзэгч олонд толилуулж байна. Уг үзэсгэлэнгээр Хүннү гүрний түүх, соёл, гадаад харилцаанд холбогдох гол хот суурин, хадны (сүг) зураг, монгол нутагт тархсан булш бунханы малтлагаар гарсан 300 гаруй ховор сонин олдвор, эх хэрэглэгдхүүнийг үзэгч олны хүртээл болгосон байна. Нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнийг Манай эрний өмнөх (МЭӨ) 209 онд Модун Шаньюй Төв Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэн байгуулсан түүхтэй. Тухайн цагт Хүннү гүрэн дорно зүгт манжуурын талаас өрнө зүгт Тэнгэр уул, өмнө тийш Цагаан хэрмээс умард зүг Байгаль нуур хүрсэн өргөн уудам нутагт оршин байсан хол ойрын 36 их бага улсыг нэгтгэн захирч байв. Хүннүчүүд өмнөд хөрш хятадын Хань улсаар өөрсдийгөө эн зэрэгцэх их гүрэн хэмээн хүлээн зөвшөөрүүлж, дундад азийн хот улсуудаас татвар авч байснаас гадна Ром, Египет, Грек-Бактри зэрэг тэр цагийнхаа өндөр соёл иргэншилт хүчирхэг улс үндэстнүүдтэй өргөн харилцаж Өрнө Дорныг холбох гүүр нь болж байв. “Хүннүгийн өв соёл” үзэсгэлэнд Монголын Үндэсний Музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн Археологи-Антропологийн тэнхим, Улаанбаатарын Их сургуулийн Археологийн тэнхимийн сан хөмрөгт хадаглагдаж буй Хүннүгийн үед холбогдох соёлын үнэт өвийн сор болсон цуглуулгыг анх удаа нэгтгэн олон нийтэд толилуулж буйгаараа онцлогтой аж. Мөн энэ үеэр Монголын Үндэсний Музей, Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгээс хамтран “Хүннүгийн өв” нэрт 300 хуудас бүхий томоохон катологи номыг Монгол Англи хэлээр бэлтгэн хэвлүүллээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудал хариуцсан Зөвлөх Р.Болд, Шинжлэх Ухааны Академийн Археологийн Хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Ё.Отгонбаяр, Монголын Үндэсний Музейн захирал Ж.Саруулбуян, Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар болон бусад албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Энэ үзэсгэлэн үнэхээр үзүүштэй эх түүхээрээ бахархах сэтгэлийг хүн бүрт төрүүлэх тул та бүхэн мөн зочилон очиж үзэхийг уриалж байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэн
Монголын Үндэсний Музейн

Commentaires