Археологийн музей байгуулагдана

ССАЖЯамны зүгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монголын Үндэсний Археологийн Музей”-г байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тиймээс ССАЖЯам тус музейн барилга, байгууламжийн макет, орчны зураг төслийг шалгаруулах нээлттэй уралдаан зарласныг өнөөдөр мэдээллээ. Яамнаас хагас жилийн хугацаанд “Монголын Үндэсний Археологийн Музей”-н концепцийг англи, монгол хэлээр гаргасан байна. Уг концепцийн хүрээнд археологийн музейнд зургаан танхим бүхий үзмэрүүд байрлах хэсэг шаардлагатай байгаа аж.
Үүнд: 
1. Чулуун зэвсгийн үеийн үзмэр 2. Хүрэл зэвсгийн үеийн үзмэр 3. Төмөр зэвсгийн түрүү үеийн үзмэр 4. Хүннүгийн үеийн үзмэр 5. Уйгурын үеийн үзмэр 6. Эзэнт гүрний үеийн үзмэрийн танхим тус тус байрлах аж. 
Уралдаан арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх ба арванхоёрдугаар сарын 16-ны өдөр ялагчийг тодруулах бөгөөд I байр 3 сая төгрөг, II байр 2 сая төгрөг, III байр 1 сая төгрөгийн шагналтай юм. Шалгарсан бүтээлийг мэргэжлийн зураг төслийн багт хүлээлгэн өгөх бөгөөд шагналт байруудаас бусад зохиогчид хүсвэл бүтээлээ буцаан авч болох гэнэ. 
ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл "Хаана ч дэлгэгдэж чаддаггүй олон сайхан үзмэрүүд манайд байдаг. Гэтэл үүнийгээ бид музейн зориулалттай бус жирийн нэгэн гурван давхар байшинд аваачаад тавчихаж болохгүй юм. Тухайн үзмэртээ тохирсон байгууламж, гэрэлтүүлэг, тайз тавцан байснаар жинхэнэ утгаараа музейн үйл ажиллагаа явагдах ёстой. Мөн зураг төсөлгүй бол улсын төсвөөс мөнгө хувиарлах боломжгүй байдаг бөгөөд музейтэй болохын тулд бидэнд зураг төсөл, эскиз гаргах шаардлагатай байгаа юм. Тиймээс уралдааны тусламжтайгаар энэ ондоо багтаад эскизээ гаргаж ирэх оны төсөвт барилгынхаа үнэ өртөгийг шингээж оруулах бололцоотой болох юм" гэсэн юм. Тус музейд сан хөмрөг нь дүүрсэн Үндэсний түүхийн музейгээс, Монголын ШУА-ын Архелогийн хүрээлэнгийн дэргэд судлагдчихсан, музейд хүлээлгэж өгөхөд бэлэн үзмэрүүдийг, агуулахад хадгалагдаж байгаа олон тооны үзмэрүүдийг байршуулах гэнэ. 
Мөн цаашид ССАЖЯамнаас Дүрслэх Урлагийн шинэ музей, Байгалийн Түүхийн Музей, Угсаатны Зүйн музейн аялал жуулчлалын цогцолбор гэсэн гурван музейн концепцийг бэлэн болгож эскиз уралдаан зарлах юм байна.

Commentaires