“Онгон нутгийн өв соёл” үзэсгэлэн

Энэ сарын 05-ны өдөр Үндэсний музейд “Онгон нутгийн өв соёл” үзэсгэлэн нээлтээ хийжээ. Уг үзэсгэлэнд Сүхбаатар аймгийн Онгон сутгаас нутгаас олдсон эртний үнэт олдворууд анх удаа олон түмэнд нээлттэй дэлгэгдэж буй аж.
Үзэсгэлэнд 2004-2010 онуудад СБА-ийн Онгон сумын Таван толгойн дурсгалт газар явуулсан МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны их сургуулийн Археологи-Антропологийн тэнхимийн археологийн судалгаа, 2010 оны ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн экспедицийн хээрийн судалгааны ажлаар илрүүлсэн олдворууд, гавъяат багш Лувсанноров, яруу найрагч Мэн-Ооёо, зураач Амараа нарын хувийн цуглуулга, Соёлын өвийн төвийн фото зургийн сан хөмрөг, хүн чулууны хэв, Монголын үндэсний музейн археологи, угсаатны зүйн цуглуулгаас дээжлэн дэлгэсэн байна.

Нээлтийн ажиллагаа

Шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалуудаас, хүрэл зэвсгийн үеийн шоргоолжин булш 13-14-р зууны Монгол язгууртны булшны олдворууд 19-20-р зууны эхэн үед холбогдох угсаатны зүйн эд өлгийн зүйлс зэрэг 400 гаруй үзмэр энд цогцолжээ.
Онгон сумын нутагт XIII- XIV зууны үеийн гэх чулуун хөрөг буюу хүн чулуун дурсгал 10 гаруй бий бөгөөд Бударын чулуу, Шартын хад тэргүүтэн сүг зураг, эртний тахилгын ул мөрийг хадгалсан олон газар бий.

Үзэсгэлэнгийн анхны үзэгчид

Онгон таван толгойд археологич Д.Наваан гуай МУИС-ийн археологи, антропологийн ангийн оюутануудтай XIII- XIV зууны булшийг малтаж, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигт дурсгалуудыг олсон юм. Түүний дотор Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгжийг Д.Наваан гуай “Дарьгангын алтан шонхор” хэмээх нэрээр шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна. Д.Наваан гуайн археологийн олдворуудыг түүний шавь, доктор У.Эрдэнэбат үргэлжүүлэн судалж байна. Мөн өнгөрсөн намар археологич, доктор Ц.Төрбат Онгон таван толгойд малтлага хийж мөн маш ховор чухаг олдвор олж нээсэн бөгөөд ясан тамга, исэр сандал зэрэг нь шинжлэх ухааны онцгой олдвор хэрэглэгдэхүүн ажээ.

Богтаг малгайн алтан цог чимэглэл
Галын дөл мэт угалзарсан хэлбэртэй, нарийн алтан утсаар цэцэг ургамлын дүрс гаргаж зай завсаргүй сүлжин чимэглэсэн, үнэт чулуун шигтгээтэй. Уг чимэглэл 5 см өндөр, 5.6 см өргөн, 0.5 см зузаан, 22.7 гр жинтэй.
Сүхбаатар аймаг, Онгон сум, Таван толгойн 5-р булш (МУИС-ийн судалгааны анги, 2005 он)
Онгон нутгийн хүү, яруу найрагч Г.Мэнд-Ооёо бээр “Онгон нутгийн өв соёл” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэхээр санаачилсан бөгөөд монгол орны зөвхөн нэг сумын нэг зурвас газар гэхэд л түүх, соёлын ямар гайхалтай өв соёлыг хадгалж байдаг хийгээд түүнийг судлах, хамгаалахын чухлыг олон нийтийн анхааралд толилуулан төр засаг, эрдэмтэн судлаачдын өмнө цаашид юу хийх хэрэгтэй вэ гэх асуудлыг дэвшүүлж байгаа аж.
Онгон сумын Таван толгой, Шивээт, Шартын хад зэрэг газарт буй эртний хүн чулуун хөргүүд нь Монголын төдийгүй Төв Азийн чулуун дурсгалуудын гайхамшиг болохын хувьд төрийн хараа хамгаалалт, түүнд зориулах хөрөнгө санхүүгийн дэмжлэг ихээхэн шаардлагатай байгааг ч энэ үзэсгэлэнгээрээ сануулж байгаа гэжээ.


Цагаан чулуун жинстэй соновторж
Гуулин ялтсаар хөөмөлдө алтаар шарж хийсэн дөрвөн дэлбээтэй суурин дээр жижгэвтэр зургаан дэлбээт бадам цэцгийг дүрсэлж тана мэт чулуун жинс суулгасан.
Сүхбаатар аймаг, Онгон сум, Таван толгойн 5-р булш
(МУИС-ийн судалгааны анги, 2004 он)
Үзэсгэлэнг МУИС-ийн археологи, антропологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний Музей, Соёлын Өвийн төв, Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар, Онгон сумын засаг даргын тамгын газар, Соёл Яруу найргийн Академи зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулжээ. Эх сурвалж: http://www.tv5.mn, http://localnews.guren.mn, http://news.banjig.net

Commentaires