Өвөр Монголоос чулуужсан аалз олжээ

Үлэг гүрвэлийн үеэс өнөөг хүртэл “нуугдсан” хамгийн том, чулуужсан аалз Өвөр Монголын нутагт орших эртний галт уулсын үнснээс олджээ. Юрийн галвын үеийн Нефила гэгдэх уг аалз нь хөлөндөө үс мэт ширхлэгтэй байгаагаас үзэхэд 165 сая жилийн настай энэ аалз тор нэхдэг аалзнуудаас хамгийн том бөгөөд хамгийн эртний төрөл зүйл бололтой. “Торго нэхэгч” буюу Нефила нь шувуу, сарьсан багваахай барьж чадахуйц том биетэй, нарны гэрэлд алт мэт гялтганах торгомсог, шар өнгөтэй тор нэхдэг. Харин чулуужсан аалз одоогийн Нефилатай хэмжээгээр ойролцоо, тодруулбал, бие нь 2,5 см орчим өргөн, харин хөл нь 6,3 см урттай аж. Орчин цагийн Нефила аалзнууд ихэвчлэн халуун орны бүсэд байдаг. Эртний Нефила ч мөн ургамал ногоо ихтэй орчинд амьдарч байсан бололтой. “Яг л өнөө цагийн Нефилатай адилаар энэ ч бас ой модтой, ялангуяа нуурын эргийн ойн захаар амьдарч, алтан торгомсог тор нэхдэг байсан” хэмээн Канзасын их сургуулийн Палентологийн институтын эрхлэгч, судлаач Пол Селден ярьжээ. Тэрбээр мөн “Аалз бол өнөөдөр дэлхий дээр хамгийн олон байгаа махчин шавьж. Тэдний ачаар шавьжны тэнцвэрт байдал хадгалагдаж байдаг. Тийм ч учраас энэ олдвор бидэнд шавьж-аалз, махчин-махчин бус гэдгийн уялдаа холбоог судлахад ихээхэн нэмэр болох юм” гэжээ.
Орчин цагийн “Торго нэхэгч” аалзнуудын эмэгчин нь илүү том биетэй байдаг. Өнөөгийн маш сонин олдвор болоод байгаа энэхүү эмэгчин аалз Юрийн галвын дунд амьдарч байсан гэж үзэж байна. Тэгэхээр Археоптерикс гэх анхны шувуу болоод Брахиозавр, Диплодок зэрэг аварга том үлэг гүрвэлээс ч өмнө байсан аалз бололтой. Түүнчлэн эл чулуужсан аалз нь одоогоор олдсон олдворуудаас хамгийн том нь. Гэхдээ хамгийн эртнийх биш. Өмнө нь Английн Коузлигаас олдсон хоёр ч чулуужсан аалз 310 сая орчим жилийн өмнөх болох нь тогтоогдсон юм.
http://world.news.mn

Commentaires