Шинэ номын мэдээ

“Монголын эртний улсуудын цэрэг” /Хүннү, Сүмбэ, Нирун, Хятан/ Тус номыг Батлан Хамгаалахын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Магистр боржигин Гончигийн Ариунболд, Доктор /Ph.D/, профессор, сарт боржигин Жамбалсүрэнгийн Базарсүрэн, Доктор /Ph.D/, дэд профессор, элжигин Тогтууны Эрдэнэхишиг нар хамтран бичжээ.

Уг бүтээлд Хүннү, Сүмбэ, Нирун, Хятан нарын зэрэг Монголын эртний төрт улсуудын үеийн цэрэг засаг захиргаа, цэргийн бүтэц, зохион байгуулалт, зэр зэвсэглэл, байлдах арга ухаан, цэрэг дайны түүхийг анх удаагаа цэргийн түүхэн судлалын хувьд судлан гаргахыг зорьсноороо шинэлэг бүтээл болсон байна. Энэ нь Монголын эртний төрт улсууд болох Хүннү, Сүмбэ, Нирун, Хятаны түүхийг цэргийн түүх судлалын хүрээнд судлан тоймлон гаргасан томоохон бүтээл болж байна.


Хүннүгийн өв (ХАМТЫН БҮТЭЭЛ) УБ., 2011. / TREASURES OF THE XIONGNU / 

Монголын Үндэсний музей, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнтэй хамтран “Монголын тулгар төр-Хүннү гүрний 2220 жил”-ийн ойд зориулан “Хүннүгийн өв” каталогийг хэвлүүлсэн юм. Хүннү судлалаар ажиллаж буй Монголын 10 гаруй эрдэмтэн судлаач оролцсон хамтын бүтээл юм. 

Энэхүү бүтээлд Хүннү гүрний түүх, соёлын товчхон танилцуулгын зэрэгцээ ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, МУИС-ийн Археологи-антропологийн тэнхим, Улаанбаатар Их сургуулийн археологийн тэнхимд хадгалагдаж буй олдвороос ур хийц, шинжлэх ухааны ач холбогдол, ховор байдал зэргийг нь харгалзан үзэж 300 гаруй олдворыг дурсгалт газрын гэрэл зураг болон тэдгээрийг танилцуулсан 45 сэдэвчилсэн өгүүллээр баяжуулан багтжээ. Хүннүгийн өв” каталог нь Хүннүгийн түүх, Хүннүгийн дурсгалууд болон Хүннүгийн эдийн соёл, дагалдах зураг, олдворын жагсаалт гэсэн үндсэн 4 бүлэг, 12 зүйлтэй. 

Эхний бүлэгт Хүннүчүүдийн антропологийн хэв шинж болон генийн судалгаа, Хүннүгийн түүх, газар нутаг, гадаад харилцаа зэргийг товчхон цэгцтэй хэлбэрээр гаргасан бол дараачийн бүлэгт Хүннүгийн гол гол дурсгал болох булш оршуулга, хот суурин, хадны зургийн талаар өгүүлж, гуравдугаар бүлэгт Хүннү нарын хувцас, гоёл чимэглэл, төдийгүй эдийн соёлыг харуулах чухал хэрэглэгдэхүүн болох ваар, сав суулга, адууны ба тэрэгний тоног хэрэгсэл, ширдэг, торго, нэхмэл эдлэл, Хүннү нарын оюуны соёл, түүнийг илтгэх хөгжим, тоглоом наадгай, зураасан зургийн талаар тусгайлан зүйл болгон олон тооны олдворыг эд зүйлсийн гэрэл зургаар баяжуулан өгүүлсэн байна. Сүүлийн бүлэгт энэхүү номонд багтсан олдворын жагсаалтыг боловсруулахдаа олдворын нэр, хэмжээ, олдсон газар, хадгалагдаж буй газар зэргийг нэг бүрчлэн лавлагаа хэлбэрээр бичиж хавсаргасан байна. 

Хүннүгийн дурсгалын онцлог, оршуулгын зан үйл болон Монголын нутаг дэвсгэрт малтлага судалгаа хийгдээд байгаа язгууртаны 5 оршуулгын газар, 4 хот суурин болон бүртгэгдээд байгаа 100 гаруй жижиг оршуулгын газрын малтлага судалгаа хийгдсэн цөөхөн газраас дээжлэн 300 гаруй олдвор хэрэглэгдэхүүн, дурсгалт газрын болон малтлагын гэрэл зургийг эмхэтгэсэн юм. “Хүннүгийн өв” каталоги монгол, англи хэлээр, 300 тал хэвлэгдсэн.


ХҮННҮГИЙН ТҮҮХ, СОЁЛ. (ХАМТЫН БҮТЭЭЛ) УБ., 2011. Тус бүтээлийг ШУА-ийн Түүхийн хүрээлэн, МУИС-ын Түүхийн тэнхим хамтран Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан эрхлэн гаргасан байна. Уг бүтээлд Хүннүгийн археологи, антропологийн болон түүх бичлэгийн тойм, Хүннүгийн үүсэл гарвал, төр ёс, хууль цааз, аж ахуй, эдийн засаг, соёл, Хүннү гүрэн задарсан шалтгаан, Хүннү нүүдлийн иргэншлийг бүтээгч болох тухай зэргээр авч үзсэн судалгааны бүтээл болно.
Монголын Хүннү. Жулиана Олотов, Франц улс, 2011, 296 тал. 

 Тэрээр Франц улсын Сорвони их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Азийн археологи судлалаар дагнан судалгаа хийдэг. Монголд Хүннү судлалын хамтарсан шинжилгээний ангид ажиллаж байсан ба, одоогоор хятад, япон зэрэг улсуудад судалгааны ажлаа үргэлжлүүлж байна. 

 Бүтээлийн гол зорилго: Чингис хааны эзэнт гүрнээс тэртээ 1000-аад жилийн өмнө Монголын тал нутагт бүрэлдэн бий болсон анхны эзэнт Хүннү гүрэн. Тэдний түүх, соёл, гадаад харилцаа, ... Сүүлийн үеийн Монгол дахь Хүннүгийн шинэ судалгааны баримтуудыг эртний түүхийн сурвалж дахь мэдээнүүдтэй харцуулан, европ дахь Хүннүгийн талаархи судлалд шинэ цонх гаргахыг зорьжээ.

Commentaires

Enregistrer un commentaire