Хөдөөгийн Пэрлээ (1911-1982)

Блогтоо "Монголын ууган археологичид" хэмээх бүлэг нэмхээр шийдлээ. Энэхүү бүлэгтээ монголын ууган археологичид, тэдний намтар, судалгааны ажил, бүтээл туурвил, дурдатгал зэргийн талаар та бүхэндээ танилцуулах болно.

1911 онд Сэцэн хан аймгийн (одоогийн Хэнтий аймгийн Биндэр сум) нутагт малчин ард Хэрээд овогт Дамдингийн хүү болон мэндэлсэн. 1926-1928 онд Хошууны танхимийн бага сургууль, 1928-1929 онд Багшийн сургуулийг дүүргэсэн. 1929-1937 онд Хэнтий, Архангайд бага сургуулийн захирал, багш, холбоочин хийж хөдөөнөөс сонин сэтгүүлд бүтээл ирүүлсээр нэг мэдэхэд Хөдөөгийн хэмээн олон түмний хайрласан нэрээр алдарших болжээ. 1945-1949 онд МУИС-д эчнээгээр суран түүхч болсон. 1941 оноос насан өөд болтолоо Түүхийн хүрээлэнд 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. 1957 онд Монгол улсад анх удаа эрдмийн зэрэг хамгаалах учир тохиож Оросын Дорно Дахины хүрээлэнгээс буцан ирж Хятаны түүхэн сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан.
Тэрээр монголын археологийн шинжлэх ухааны үүсэлтэй салшгүй холбоотой, үндэс суурийг нь суулгасан Анхны монгол археологич билээ.

Шигтгээ 1.
Эрдмийн зэрэг хамгаалах хурал дээр академич, профессор, билгүүн номч Бямбын Ринчен Монгол улсад Орос улсын эрдэмтэн багш нарыг түшиж, өнөөдөр бид өөрсдийн шинжлэх ухааны газар шинжлэх ухааны зэрэг анх удаа хамгаалан үүсгэж байгаа нь манай залуу шинжлэх ухааны амжилтын нэг мөн гэж магнай тэнийн хэлж байна. Х.Пэрлээгийн Монгол улсын нутаг дахь эртний хот балгасыг судлан шинжилсэн явдал олон эрдэмтэний сонирхох цоо шинэ зүйл билээ хэмээн эрдмийн зэрэг хамгаалуулах хурал дээр үнэлэн хэлжээ.

Шигтгээ 2. 1978 онд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээ хураангуйлсан “Эртний монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийн зарим асуудалд” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон эрдэмтний сонирхол татах болсон шинэ зүйл гэвэл Монгол улсын нутагт байгаа эртний хот балгасыг судлан шинжилсэн явдал байлаа. Тэрээр Онон-Хэрлэнгийн монголчууд (1959 он), Монголын Нэгдсэн улс байгуулагдахаас өмнөх монгол улс ханлигууд (1966 он), Гурван мөрний монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь (1969 он), Монголын түүхийн урьд мэдэгдээгүй зарим он цагийн мэдээ (1956 он) зэрэг онц сонирхолтой бүтээлээ туурвисан билээ. Х.Пэрлээгийн Хятан нар, тэдний монголчуудтай холбогдсон нь (1959) зохиол Хятан судлалд хүндтэй байр суурь эзэлдэг. Тэрээр хятан нар монгол хэлтэй, монгол аймаг байсан гэдгийг баталж, Хятан улс эзэнт улсын төрхийг олж хот суурин барьж, их бага хоёр бичиг хэрэглэж, ном судар, орчуулж байсныг баримтаар хөдлөшгүй баталжээ.

Шигтгээ 3. Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн дээрх бутээлийг онцгой дурдаад, энэхүү бүтээл Хятан нарын байгуулсан Хэрлэн Барс хотын өндөр цамхаг Дорнодын талд сүндэрлэж байгаа шиг түүхийн олон ном судрын дотор сүндэрлэн гялалзаж байна. Х.Пэрлээгийн босгосон Хятаны түүхийн мөнгөн суварга мөнх үлдэнэ гэж яруу сайхан үнэлсэн билээ. Х.Пэрлээ Гурван голын савд хийсэн шинжилгээний явцад олон зуун тамган дүрс сийлсэн чулуун самбарийг 1960 аад онд нээснээр Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь (1975 он) зохиол бичжээ.
1991 онд түүний судалгааний бүтээлүүдэд Монгол улсын төрийн шагналыг нэхэн олгожээ. Х.Пэрлээгийн Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн асуудлаар туурвисан бүтээлүүд тийнхүү дэлхийн дорно дахины судлалд өөрийн байр суурь эзэлдэг гэдгийг зориуд тэмдэглэвэл зохино.
Профессор, Тайжиуд Аюудайн Очир,
Профессор, Дамдинсүрэнгийн Цэвээндорж
Эх сурвалж: mongolinternet.com

Commentaires