“Монгол алтайн нурууны хадны зургийн цогцолбор” дэлхийн өвд бүртгэгджээ

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 35 дугаар чуулган энэ оны 06-р сарын 19-29-ний өдрүүдэд БНФУ-ын Парис хотноо хуралджээ. Энэ удаагийн хуралдаанаар нийтдээ 40 улсын 42 байгалийн болон соёлын өвийг хэлэлцэж 25-ыг баталжээ. Үүнээс 3 нь байгалийн, 21 соёлын, 1 нь холимог өвүүд юм.

Зургаадугаар сарын 28-ны өдөр, Парис хотноо Дэлхийн Өвийн Хорооны ээлжит чуулганы хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргасан байна.

Хуралдааны бэлтгэл шатанд Дэлхийн Өвийн Хорооны Зөвлөх байгууллага Хөшөө дурсгал ба дурсгалт газрыг хамгаалах олон улсын зөвлөлөөс Монгол Улсаас нэр дэвшүүлж буй дурсгалт газрыг дэлхий өвд тавигдах гурван шалгуурын хоёрыг хангахгүй гэх үндэслэлээр хойшлуулсан зөвлөмжийг гаргасан юм. Монгол Улсын зүгээс дээрхи зөвлөмжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж дахин хэлэлцэхийг хүссэн аж.

Монгол Улсыг төлөөлж ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын Төлөөлөгчийн Газрын атташе Б.Хулан нар оролцож, Дэлхийн өвийн хорооны гишүүн Бразил, Австрали Улсыг дэмжлэгтэйгээр манай төлөөлөгчдийн идэвхтэй оролцооны үр дүнд өвийг дахин хэлэлцэж улмаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх шийдвэрийг гаргажээ.

Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор нь Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох сүг зургийн галлерей бөгөөд хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой. Энэ нь манай ард түмний эртний түүхийн нэгэн чухал сурвалж, тэр үеийн хүмүүсийн аж ахуй, нийгэм, оюун санааны хөгжлийн олон талыг тусгасан археологийн дурсгал билээ. Энэхүү цогцолборт газар нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дахь Арал толгой, Шивээт хайрхан, Улаанхус сумын Цагаан салаа, Бага-Ойгорын хадны зургийг хамардаг юм. Хадны зураглалын хувьд бусад улсуудтай харьцуулахад талбай, тоо хэмжээ, уран сайхны илэрхийллээрээ гайхамшигтай дурсгал хэмээн судлаачид үздэг.

Ийнхүү дэлхийн хосгүй үнэ цэнэ бүхий соёлын өв гэдгийг чуулганд оролцсон гишүүн улсууд хүлээн зөвшөөрлөө.

Монгол Улс ЮНЕСКО-гийн Байгаль, соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны Конвецид 1990 онд нэгдэн орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 2 өв /Увс нуурын Ай сав газар, Орхоны хөндийн дурсгалт газар/-ийг бүртгүүлээд байгаа юм.

Commentaires