Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн Хүрээлэн

ТАНИЛЦУУЛГА, ТОВЧ ТҮҮХ

Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэн нь тус улсын нутаг дэвсгэр дээр археологийн судалгааг дагнан явуулах үүрэгтэй эрдэм шинжилгээний байгууллага юм.

Тус хүрээлэн нь археологийн судалгааг Монгол оронд үүсгэн, хөгжүүлж ирсэн ахмад археологчид болох Х.Пэрлээ, Ц.Доржсүрэн, Н.Сэр-Оджав, М.Шинэхүү, Д.Наваан, Д.Дорж нарын залгамж халаа болон үйл ажиллагаагаа явуулсаар байна. Монголын эрдэмтдийн дотроос анх удаа эх нутгийнхаа хэвлийд хадгалагдсаар ирсэн түүх, соёлын дурсгалыг жинхэнэ шинжлэх ухааны үүднээс малтан шинжилсэн хүн нь, Монголын ууган археологич, нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ (1911-1982) байв.

Тэрбээр, 1942 онд Х. Пэрлээ Төв аймгийн Авдарбаян сумын нутаг Хүйтний голд археологийн судалгаа хийж, эртний булш малтан шинжилсэн байна. Тэрбээр түүнээс хойш бие даан археологийн шинжилгээ явуулж, эрдэм шинжилгээний хэд хэдэн зохиол бүтээл, олон арван өгүүлэл бичиж туурвисны зэрэгцээ, 1950-иад оны эхээр Монгол нутаг дахь археологийн дурсгалуудын бүртгэлийг анх хийсэн нь цаашдын судалгаанд чухал лавлагаа, хэрэглэгдэхүүн болсон юм.

1961 оны 10 сарын 13-нд БНМАУ-ын Шинжлэх Ухааны Академийг байгуулахад урьд нь Түүх-эдийн засгийн судлах газар нэртэй байсан эрдэм шинжилгээний байгууллага нь Түүхийн хүрээлэн болон өргөжиж ШУА-ийн цөөн тооны үндсэн хүрээлэнгийн нэг болон зохион байгуулагджээ. Тус хүрээлэнгийн анхны 3 тасгийн нэг нь археологи-этнографийн (жижиг лабораторитай) байсан бөгөөд тасгийн анхны дарга нь доктор Н. Сэр-Оджав (1923-1990) болжээ.

1978 онд БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологи-этнографийн тасгийг Археологийн ба Этнографийн сектор болгон салгаж, өөрчлөн зохион байгуулсан бөгөөд улмаар Археологийн тасаг нь 1998 оноос Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв болж өргөжсөн байна.

Археологийн секторын эрхлэгчээр 1977-1981 онд доктор Д.Дорж, 1981-1990 онд доктор Н.Сэр-Оджав, 1990-1998 он хүртэл доктор, профессор Д.Цэвээндорж нар ажиллаж байв. 1998 онд Археологийн судалгааны төв болгон өөрчлөн зохион байгуулагдахад захирлаар доктор Д.Цэвээндорж томилогдон доктор Д.Баяр, Л.Билэгт, Д.Эрдэнэбаатар, Б.Цогтбаатар, Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, У.Эрдэнэбат, Ч.Амартүвшин, М.Баярсайхан нарын эрдэм шинжилгээний ажилтнууд ажиллаж байсан ба 2002 онд бие даасан хүрээлэн байгуулагдах хүртэл эрдэм шинжилгээний ажилтны тоо 15 болж өргөжжээ.

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төв нь Монгол улсын нийгэм-эдийн засгийн шинэ нөхцөл байдалд, тус улсад тухайн салбар шинжлэх ухааны суурь судалгааг хөгжүүлэх, ялангуяа гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан технологийн өндөр хөгжилтэй улс орны эрдэмтэн судлаачидтай хамтран төсөл хэрэгжүүлэх, судалгааны хэрэглэгдэхүүн, бааз суурийг өргөтгөх, боловсон хүчнийг бэхжүүлэх бодлого явуулж бодит үр дүнд хүрсэн тул Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 8 сарын 9-ний өдрийн 159 дүгээр тогтоолоор ШУА-ийн Археологийн судалгааны төвийг өргөтгөн Археологийн хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Хүрээлэнгийн анхны захирлаар профессор Д. Цэвээндорж, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор Б. Цогтбаатар нар томилогджээ. Засгийн газрын тогтоолын дагуу ШУА-ийн тэргүүлэгчдийн хурлын 2002 оны 12 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 10 сарын 24-ний өдрийн 304 дүгээр тушаал тус тус гарч Археологийн хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тогтоожээ.

Уг тушаалаар Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалтыг захиргаа, аж ахуй болон эрдэм шинжилгээний нэгжтэй байхаар тогтоосон байна. Мөн ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгааны чиглэлүүдийг дараах байдлаар тодорхойлсон байна.

- Монголын нэн эрт, эрт, дундад үеийн бүхий л археологийн дурсгалыг судлах, авран хамгаалах, сурталчлах;
- Археологи, палеоантропологи, остеологийн лабораторийг өнөөгийн судалгааны шаардагдах түвшинд байгуулан ажиллах;
- Гадаадын орнуудтай хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлыг явуулах;
- Хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллагыг арга зүйн удирдлагаар хангах.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 304 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар “Түүх соёлын дурсгалт зүйл археологийн хайгуул, малтлага судалгаа хийх журам” шинэчлэн батлагдаж тус хүрээлэн нь Монгол улсын нутаг дэвсгэрт археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг дагнан явуулах, бусад байгууллагад археологийн хайгуул судалгаа хийх зөвшөөрөл олгох, мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг хүлээсэн юм.

Ийнхүү Монгол Улсын төр засаг, шинжлэх ухааны төв байгууллагын бодлого, шийдвэрээр Археологийн хүрээлэн байгуулагдан, “Шинжлэх ухаан технологийн тухай”, “Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай” хууль, “Шинжлэх Ухааны Академийн дүрэм” болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2002 оны 9-р сарын 23-ний өдрийн 12 тоот тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтцийг Эртний археологийн сектор, Дундад зууны археологийн сектор, Археологи-антропологийн лаборатори гэсэн нэгжтэйгээр баталсан юм. Эртний археологийн секторын эрхлэгчээр доктор Б.Гүнчинсүрэн, Дундад зууны археологийн секторын эрхлэгчээр доктор Д.Баяр, Археологи-антропологийн лабораторийн эрхлэгчээр Ч.Амартүвшин нар томилогдон ажиллажээ.

Удалгүй Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2005 оны 10-р сарын 27-ны өдрийн хурлын 19-р тоот тогтоолоор археологийн дурсгалыг авран хамгаалах секторыг байгуулахаар тогтсон байна. Харин Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2009 оны 01-р сарын 14-ны өдрийн хурлын 01-р тоот тогтоолоор Археологийн хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн баталжээ.

Одоо тус хүрээлэн нь чулуун зэвсгийн судалгааны сектор, хүрэл ба түрүү төмрийн судалгааны сектор, хүннүгийн археологийн сектор, дундад зууны археологийн сектор, палеоантропологи-палеозоологийн сектор, археологийн дурсгалыг авран хамгаалах сектор, археологийн музей-лаборатори гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2002-2007 онд Б.Цогтбаатар, 2007-2011 онд Б.Гүнчинсүрэн нар ажилласан ба 2011 оноос Я.Цэрэндагва томилогджээ.
Чулуун зэвсгийн судалгааны секторын эрлэгчээр доктор, дэд профессор Б.Цогтбаатар, Хүрэл ба түрүү төмрийн судалгааны секторын эрхлэгчээр доктор, дэд профессор Ц.Төрбат, Хүннүгийн археологийн секторын эрхлэгчээр доктор Ч.Ерөөл-Эрдэнэ, Дундад зууны археологийн секторын эрхлэгчээр доктор А.Энхтөр, Палеоантропологи-палеозоологийн секторын эрхлэгчээр М.Баярсайхан, Археологийн дурсгалыг авран хамгаалах секторын эрхлэгчээр доктор, дэд профессор Ч.Амартүвшин, Археологийн музей-лабораторийн эрхлэгчээр Р.Эрдэнэцэцэг нар тус тус ажиллаж байна.

Археологийн хүрээлэнгийн удирдах дээд байгууллага нь эрдмийн зөвлөл юм.
Монгол Улсын ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2002 оны 10-р сарын 7-ны өдрийн 199-р тоот тушалаар Археологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан байна. Эрдмийн зөвлөлийн даргаар захирал Д.Цэвээндорж, нарийн бичгийн даргаар доктор Б.Цогтбаатар, гишүүдэд академич Б.Энхтүвшин, Ч.Далай, доктор А.Очир, Д.Баяр, С.Идшинноров, Н.Уртнасан, Л.Батчулуун, Н.Хишигбаяр, Б.Гүнчинсүрэн, Я.Цэрэндагва, Ч.Амартүвшин нарыг батламжилжээ.

Харин Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2005 оны 10-р сарын 27-ны өдрийн хурлын 19-р тоот тогтоолоор Археологийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийг шинэчлэн эрдмийн зөвлөлийн даргаар захирал Д.Цэвээндорж, нарийн бичгийн даргаар доктор, дэд профессор Б.Гүнчинсүрэн, гишүүдэд, доктор профессор Д.Баяр, А.Очир, доктор Н.Уртнасан, доктор, дэд профессор Ч.Амартүвшин, Ц.Төрбат, Б.Цогтбаатар, Я.Цэрэндагва нарыг батлажээ.

Тус хүрээлэн 2003 оноос судалгаа шинжилгээний ажлын бодлогын баримт бичгийг боловсруулан үйл ажиллагааныхаа хэтийн төлөвлөгөө, ойрын ба дунд, урт хугацааны стратеги чиглэл, зорилтуудыг тодорхойлон ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд тавигдсан зорилтуудыг цаг хугацаанд нь ханган биелүүлэхийн төлөө идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажилласаар байна.

Бодлогийн баримт бичигт тус хүрээлэн нь судалгаа шинжилгээний ажилд орчин үеийн шинжлэх ухаан-техник технологийн ололт дэвшил, арга зүйг ашиглах, шинжлэх ухаан-техникийн талаар дэлхийд тэргүүлэгч орны судлаач, эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах, археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг байгаль орчин, нийгэм, үндэсний эрх ашигт хор хохирол учруулахгүй явуулах, түүх соёлын үнэт дурсгалуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах талаар байнга анхаарч ажиллах, судалгаа шинжилгээний ажилд гадаад, дотоодын байгууллага, хүмүүсийн хандив тусламжийг үр дүнтэй ашиглах, археологийн судалгаа явуулахдаа холбогдох хууль, журам, дүрэм, зааврыг хатуу дагаж мөрдөх, томоохон малтлага, судалгаа явуулах тохиолдолд түүний шинжлэх ухааны ач холбогдол, үндэсний эрх ашигт харшлах эсэхийг харгалзан үзэж шийдвэрлэх гэсэн зарчмуудыг баримтлан үйл ажиллагаагаа явуулахаар тусгасан байдаг.

ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрхэм зорилго нь Монголын ард түмний өнө эртний түүхийг эд өлгийн биет олдворт тулгуурлан судалж, он цагийн уртад мартагдан бүдгэрсэн түүхэн үнэнийг сэргээн тодруулах, Монгол улсын нутагт археологийн судалгааг тэргүүлэн явуулж, монголын эрт, дундад үеийн түүхийн зангилаа асуудлыг дэлхийн археологийн шинжлэх ухааны өнөөгийн түвшинд судлан боловсруулах, судалгааны ажилд орчин үеийн дэвшилтэт арга барил хэрэглэж, дахин давтагдашгүй эртний дурсгалаа авран хамгаалж хойч үедээ уламжлан үлдээхийг эрхэмлэх явдал юм.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас 2004 онд Ч.Амартүвшин, Ц.Төрбат, 2008 онд А.Энхтөр, Н.Эрдэнэ-Очир, 2010 онд Ч. Ерөөл-Эрдэнэ, Б. Чинзориг, 2011 онд Н.Батболд нар тус тус докторын зэрэг хамгаалсан байна. Одоогийн байдлаар тус хүрээлэнд шинжлэх ухааны доктор (Sc.D)-1, доктор (Ph.D)-11, магистр-24 ажиллаж байна.

ШУА-ийн Археологийн хүрээлэн

Дэлгэрэнгүй: http://www.mongolianarchaeology.mn

Commentaires

  1. Yasan ch ih alban tushaal bichsen alban tushaald durtai humuus ve dee? Uulna tiim l ih alban tushaal bichmeer bga yum bol minii aav D.Erdenebaatar gdg hunii ner baih l yostoi yumsan...

    RépondreSupprimer
  2. Сайн байна уу.

    Дээрхи танилцуулга нь Монгол нутагт анх монгол хүн өөрийн гараар малтлага судалгаа хийснээс хойш, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн үүсэл болон, хэрхэн хөгжин ирсэн замнал, монголын ууган археологич, гадаад хамтын ажилалаа, Түүхийн хүрээлэнгийн тасгаас хэрхэн Археологийн хүрээлэн болтлоо өргөжсөн тэлсэн, судлаачид болон тэдний судалгааны чиглэл, үе үеийн удирдлагын талаархи танилцуулга билээ.

    Түүнээс бус аливаа нэгэн хүнийг онцлон дурдах, сайшаан магтах гэсэн санаа огтоос байхгүй ба мэдээж мэргэжлийн судлаач, багш, оюутнууд мэдэх боловч, блогоор маань зочилдог энгийн сонирхогч, бусад хүмүүст Өнөөгийн монголын Археологийн Шинжлэх ухааны түвшин,түүний боловсон хүчин хир түвшинд явааг бага ч гэсэн таниулж буй хэрэг юм.

    Доктор Д.Эрдэнэбаатар багшийг сайн мэдэлгүй яахав. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичиг ..., МУИС-ийн харъяа УБ-ын ИС-ийн нийгмийн ухааны факултатын декан,
    Түүний бичсэн судалгааны бүтээл, өгүүлэлүүд, гараас нь гарсан олон шавь нар одоогийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Үндэсний Түүхийн музей, соёлын өвийн төв зэрэг судлагааны байгуулагуудад мэргэжлээрээ амжиллтай ажиллаж байгаа нь түүнийг сайн судлаач, сурган хүмүүжүүлэгч гэдгийг нь харуулж буй тод жишээ гэж мэргэжил нэгт нөхөд, оюутан шавь нар нь дуу нэгтэй хэлэх нь гарцаагүй.

    RépondreSupprimer
  3. chuluujsan ondog olson yumaa haana handah we?

    RépondreSupprimer
  4. ganhuygchoisuren@yahoo.com
    www.facbook.com ganhuygchoisuren@yahoo.com
    zurag n bgaa shu

    RépondreSupprimer
  5. Sain bnu,

    MU-iin Sh.U.A-iin Arheologiin hureelen, Paleontologi- in hureelen zereg gazruud ruu handaj bolno.

    doorhi mail haygaar holbogooroi, bolbol zurgaa hamt yabuulaarai.
    delgerengui haygiig medeellig mail eer yabuulya
    gunarcheo@yahoo.fr

    RépondreSupprimer

Enregistrer un commentaire