“СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

“Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

1970 онд “БНМАУ-ын Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”, 1994 онд “Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах хууль” батлагдсаныг 2001 онд “Соёлын өвийг хамгаалах тухай хууль” нэртэйгээр шинэчлэн баталж, түүх, соёлын дурсгалт зүйл гэдэг ухагдахууныг шинжлэх ухаан, урлаг, эрх зүйн үүднээс нарийвчлан тодорхойлж, түүх, соёлын дурсгалыг сурвалжлан олох, бүртгэх, зэрэглэл тогтоох, археологи, палентологийн хайгуул, малтлага хийх, судлах, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах, хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон бүхий л харилцааг зохицуулж ирсэн.

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 2001 онд батлагдан гарсанаас хойш нийт 4 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна.
Энэ удаагийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг холбогдох байгууллагуудын саналыг бичгээр хүлээн авч нийт 10 гаруй удаагийн хурлаар хэлэлцэж хуулийн төсөлд саналыг тусгаад байна. Мөн Археологи, Палентологи, Музейн үзмэр буюу биет өвийг хамгаалах, үнэлэх, Биет бус өвийг хамгаалах, үнэлэх, Соёлын өвийн үнэлгээ гэсэн 8 чиглэлийн салбар хуралдаан зохион байгуулан хэлэлцүүлсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, улс чанартай музейнүүд, Соёлын өвийн төв, Уул уурхайн үндэсний ассоциаци, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Эртний эдлэлийн худалдаа эрхлэгчид болон цуглуулагчид, Даатгалын компани төлөөллүүдийг оролцуулан хуулийн төсөлд өгсөн саналыг тусган ажилласан юм.

“Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийг нийтэд ойлгомжтой болгох үүднээс соёлын өвийг сурвалжлан олох, бүртгэх, ангилал тогтоох, археологи, палеоантропологи, палентологийн хайгуул, малтлага, судлах хийх, сурталчлах, хадгалж хамгаалах, сэргээн засварлах, өмчлөх, эзэмших, ашиглах, хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, нэр томьёог хуульд нэг мөр хэрэглэх зорилгоор хуулийн нэр томьёо гэсэн шинэ зүйл нэмэн "Соёлын өв”, “Соёлын биет өв”, “Хөдлөх дурсгал”, “Үл хөдлөх дурсгал”, “Дэлхийн өв”, “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ” гэсэн нэр томъёог тайлбарлалаа.

Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд “түүх, соёлын дурсгалт зүйл” гэснийг “соёлын өв”, “түүх, соёлын дурсгалт зүйлийн хайгуул, малтлага, судалгаа” гэснийг “палеонтологи, палеоантропологи, археологийн хайгуул, малтлага, судалгаа” гэж өөрчлөн хуулийн төсөлд тусгасан.

Соёлын өвийн хамгаалах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцэж байгаа болно. Энэхүү хууль батлагдсанаар “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”-иудад тус тус өөрчлөлт орох юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн хороо

Commentaires